Танд зээл авах зайлшгүй шаардлага байгаа юу?

Энэхүү асуултыг өөрөөсөө асууж зээл авдаг хүмүүс хэр их байдаг бол, зайлшгүй хэрэгцээ шаардлагатай зээлээ авдаг хүн байхад өнөө маргаашийн бяцхан хэрэгцээгээ зээлээр шийддэг хүн ч мөн байгаа.

Зээлийг яагаад авдаг вэ? Мэдээж өнөөдөр шаардлагатай байгаа санхүүгийн хэрэгцээгээ хангахад зориулж авдаг. Гэвч өнөөдөр тулгарч буй асуудал тань таны зайлшгүй шаардлага мөн эсэхийг бодоод үзэхэд илүүдэхгүй.

Гурван сарын дараа эсвэл зургаан сарын дараа мөнгөө хуримтлуулаад худалдаж авч болох байсан зүйлийг өнөөдөр зээлээр худалдан авсанаар та өөртөө илүүц зардал нэмэгдүүлж байна гэсэн үг юм. Иймээс зээл авах шийдвэр гаргахаасаа өмнө таны анхаарах зүйл бол:

  1. Юуны түрүүнд зээлийн зориулалтаа бодож үзэх. Гэр бүлийн гишүүний эмчилгээний зардал, сургалтын төлбөр гэх мэт хойшлуулж болохгүй асуудал танд тулгарсан уу эсвэл та шинэ загварын гар утас худалдан авахыг хүсч байна уу.
  2. Зээлийн хүү болон шимтгэл, нэмж гарч болох бусад зардалуудыг тооцох. Эдгээр зардалууд нь таны ирээдүйн орлогийг өнөөдөр зарцуулах боломж олгосоны төлбөр юм. Тиймээс өнөөдөр авах зээлийн хэрэгцээ шаардлага тань энэ зардалыг гаргахад тохирох эсэхийг бодоорой.

Нэгэнт зээл авах шийдвэр гаргасан бол таны дараагийн анхаарах зүйлс:

  1. Таны зээлийн сарын төлөлт нь сар бүр гардаг зардалуудаа бүгдийг нь төлсөний дараа үлдэх орлогоос бүрэн төлөгдөх боломжтой байх ёстой. Сар бүр төлөгдөх ёстой зардалуудад байр, ус, цахилгаан, сөх гэх мэт төлбөрүүдээс гадна бусад өр зээл, хүүхдийн цэцэрлэг болон өдөр өнжүүлэхийн төлбөр, утас интернэт, шатахуун гэх мэт бүх зардал орох учир нарийн тооцож өөрийн санхүүгийн чадвараа тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд өр зээлийн дарамтанд орохгүй байх нөхцөлөө бүрдүүлж байна гэсэн үг юм.
  2. Зээлийг зөвхөн хэрэгцээтэй хэмжээндээ тааруулж авах хэрэгтэй ба аль болох хугацаанаас нь өмнө төлж барагдуулахыг хичээх хэрэгтэй. Хугацаанаас нь өмнө төлсөнөөр та төлөвлөснөөс бага хүү төлөх боломжтой юм.
  3. Сүүлийн анхаарах зүйл бол хувийн санхүүгийн сахилга бат юм. Мөнгөө цуглуулаад хүссэн зүйлээ худалдан авч чадахгүй хэрнээ зээлээр авсаны дараа зээлээ төлчихдөг юм гэсэн яриа та хүмүүсийн амнаас сонсож байсан байх, энэ бол санхүүгийн төлөвлөгөөгүй байдалтай холбоотой асуудал юм. Бид танд дараагийн зөвлөмжөөрөө хувийн санхүүг хэрхэн хөтлөх талаар зөвлөмж хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published.